Түүхэн товчоо

 

1974 он. Монголын ард түмэн Бүгд Найрамдах Улсаа тунхагласны  хагас зуун жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, тэр их баярт ЗХУ-ын  Л.И. Брежнев болон хүндэт зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ сайхан учралыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова эрхэм зочидтой ярилцах далимд эх хүний ачлалт сэтгэлээр бодлоо хэлж, олон үндэстэн ястны өлгий болсон Улаанбаатар хотод маань шинэ айл өрхөө татаж, гал голомтоо бадраах бүрт төрөл садан, төр түмнээс нь хуримын ёслол үйлдэх ариун хайрын, шинэ цагийн өргөө монголын залуучуудад хамгийн их хэрэгцээтэй байгааг хэлэхийн дашрамд, ахан дүүсийн холбоогоо бататгах нандин бэлэг барихыг хүссэн өгөөмөр санал дэвшүүлэв.
Зочид тэр содон саналыг талархалтай хүлээн авсны үр дүнд, ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо "Гэрлэх Ёслолын Ордон”-г (хуучин нэрээр Хуримын ордон) сүндэрлүүлэн босгох  шийдвэр гарснаар олон зууны туршид нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд, хотын суурин амьдралд идээшин дасаж байсан 1976 онд Нийслэл Улаанбаатар хот хагас сая хүн амтай, олны хөлийн газар болж, их бүтээн байгуулалт өрнөхөд нэгэн содон өргөө сүндэрлэн боссон нь Монголд төдийгүй Төв Азид анхлан үүдээ нээсэн "Гэрлэх ёслолын ордон” байлаа. 
 

 
Монголын уран барилгын өнгө төрхийг харуулсан энэ ордныг Монгол Зөвлөлтийн барилгачин залуучууд богино хугацаанд чанартай барьж, дотоод засал, модон сийлбэрийг Монгол Улсын Ардын зураач Д.Амгалан, Л.Чуваамид, чулуун урлал шигтгээт чимэглэлийг С.Мөнхтогтох, П.Дамба, Р.Ганбат, Б.Сумдаарий, зөвлөгч Е.Яценко /ЗХУ/ тэргүүтэй уран бүтээлчид гар, ухааны урыг хослуулан, билиг авьяасаа дайчлан байж бүтээлцсэн түүхтэй.

 

 
1976 он.  Нийслэлийн "Гэрлэх ёслолын ордон” нь 1976 оны 06 сарын 14-ны өдөр Улаанбаатар хотын АДХГЗ-ны "Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс” бөгөөд "Гэрлэх ёслолын ордон” оноосон нэртэй байгуулагдсан ба  мөн өдөр анхны хуримлагчдыг хүлээн аван анхны хуримлагчдад Улаанбаатар хотын АДХГЗ-ын Иргэний Гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсээс гэр бүлийн баталгааг шинэ орон сууцны түлхүүрийн хамтаар гардуулж, залуу хосын амьдралд баяр цэнгэл нэмж, ордныхоо түүхийн гэгээн хуудсыг бичиж эхлүүлжээ.
 
Гэрлэх ёслолын ордонд гэр бүл болсон анхны хосууд

 

Тус ордон нь Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын удирдлагын дор ОНӨААТҮГ-ын статустайгаар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажиллаж, Нийслэлийн иргэдийн соёлын үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд ордны маань залуу хосын хайрын билэгдэл болсон "Юндэн-Нансалмаагийн хөшөө” зэрэг нь Нийслэлийн түүх соёлын дурсгалд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон юм. Анх 2001 оны хавар яруу найрагч Уянга агсан ордны дарга асан Х.Оюунчимэгтэй уулзан ярьж сууснаа ийм гоё ордныхоо дэргэд хайрын билэгдэл хөшөөтэй болбол зүгээр юм гэж ярилцжээ Ингээд НИТХ аас 93  дугаар тогтоол гаргуулан "Хайрын бэлгэдэл монгол хос”-ын хөшөөг өөрсдийн хөрөнгөөр босгох эрхийг "Гэрлэх ёслолын ордон”-д олгосон байна. Монголын сонгодог зохиол "Учиртай гурван толгой”  дуурийн Юндэн Нансалмаагийн хайрын билэгдэлээр төсөөлж уран барималчдын дунд уралдаан зарлажээ. 20 гаруй бүтээл ирснийг архитектор Л.Болд, зураач Ц. Ванчиг, барималч Ш.Хийморь, тус ордны дарга асан Х.Оюунчимэг нарын 5 хүн  шүүж тухайн үед оюутан байсан уран барималч А.Отгонбат, Ж.Баярсайхан, Т.Говьсайхан нарын хамтын бүтээлийг шилдэг нь болсон байна гэж шалгаруулжээ. Энэхүү хөшөөний гүйцэтгэгчээр Шийдвэр гүйцэтгэлийн албаны 403 дугаар анги ажиллаж Гэрлэх ёслолын ордны өмнө хайр сэтгэлтэй хосууд ханилан суухын тулд ямар ч саад бэрхшээл байсан ч  туулан гарч амьдралаа холбосныг бэлгэдсэн гүн утга агуулгатай хөшөө боссон түүхтэй юм.
 


  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 102 тоот тогтоол, Гэрлэх ёслолын ордны 2010 оны "Бизнес төлөвлөгөө”-г үндэслэн Монголын уламжлалт зан үйл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, залуу хосын гал голомтыг бэхжүүлэх, сайн сайхныг дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, гэрлэгсдийн хуримын ёслолын ачааллыг бууруулах зорилгоор 12 ханатай, 108 уньтай сийлбэртэй "Их өргөө” гэрийг 2010 оны 06 дугаар сарын 21-ны өдөр сүндэрлүүлэн босгож нээлтээ хийн, хуримын хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болон сургалт семинар зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

 
Байгууллагын үе үеийн удирдлагууд

Аливаа байгууллага, хамт олны ажил үйлс өөдрөг байхын үндэс нь түүний удирдлага, бүтээлч хамт олон нэн их холбоотой. Энэ их ариун хайрын өргөөний түүхийг бичилцсэн хүмүүс:
 

 

Бидний эрхэм зорилго: 

Монгол зон олны гал голомт бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг, ёслол төгөлдөр зохион байгуулан саруул орчин, соёлтой үйлчилгээг хангаж, сэтгэл ханамжийн баталгааг бий болгосноор үүрд мөнхөд дурсагдах орчинг бий болгоно. 
 

                                                   САРУУЛ ОРЧИН
                                                   СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ
                                                   ҮҮРДИЙН ДУРСАМЖ
                                                   ҮНЭНЧ СЭТГЭЛГЭЭ