ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ДЭРГЭДЭХ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар нь 2017 оны хичээлийн шинэ жилд зориулан Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.дахь хэсэг "Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно” зорилтын хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулах зорилтыг энэ оны эхэн үеэс тавин ажилласан. Тус зорилт 9 сарын туршид хэрэгжин тохижилт, бүтэц, зохион байгуулалт, хяналт шалгалт зэрэг олон шат дамжлагыг дамжсаны дагуу хичээлийн шинэ жилийн нээлт тохиож буй энэ өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж алдрай бяцхан үрс маань шинэ цэцэрлэгтээ баяр хөөртэйгөөр орлоо.

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн салбар бүлэг болон харьяалагдах бөгөөд тус цэцэрлэгийн ахлах, туслах хоёр багш, мэргэжлийн тогооч тус тус ажиллана.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр хүрэлцэн ирж хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Анхмаа цэцэрлэгийн үйл ажиллагаа, байгуулагдсан түүхээс дурдан 2017-2018 оны хичээлийн шинэ жилд Боловсрол-2020 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж хамран сурган хүүхдийн тоог нэмэгдүүлэн ажиллах тухай хэлсэн юм.

Ийнхүү Гэрлэх ёслолын ордны санаачлага, ажилчдын хүч хөдөлмөрөөр бий болсон байгууллагын дэргэдэх цэцэрлэг хүндэт зочид, хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэйгээ хамтран Төрийн дууллаа эгшиглүүлснээр албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан Гэрлэх ёслолын ордны морин хуурч Б.Баттулга, О.Билгүүнтөр нар морин хуурын эгшиг сонордуулан шинэ цэцэрлэгийн жаврыг үргээсэн.

Мөн хүүхэд багачуудад зориулан ардын бүжгийн урлагийн үзүүлбэр сонирхуулсан.

Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувийг Гэрлэх ёслолын ордны ажиллагсдын бага насны хүүхдүүд эзэлж байгаа бол үлдсэн 50 хувийг СБД-ийн 143-р цэцэрлэгт цахим бүртгэлээр хамрагдсан хүүхдүүд эзэлж байна.

Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын нэгэн томоохон асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон сайн талтай бөгөөд цэцэрлэгийн хүртээмж багасаж олон тооны хүүхэд цэцэрлэгийн боловсролоос завсардах нөхцөл байдал үүссэн өнөө үед хүүхдүүдийг цэцэрлэгийн орон тоогоор хангах зэрэг чухал ач холбогдолтой.