“ДУРСАМЖ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Дэлхий нийтээрээ гэр бүлийн өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө 25 жил болж байна. Монгол улс ч мөн адил уг баярын өдрийг гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.
Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь уг баярын өдрийг тохиолдуулан "Дурсамж” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулсаар даруй 6 жил болсон байна. Уг өдөрлөгөөрөө албан ёсны гэр бүлийн баталгаатай хэдий ч хуримын ёслолоо хийж амжаагүй үлгэр жишээ гэр бүлүүдийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг. 
Энэ жилийн Гэр бүлийн баярын өдрөөр:
1. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг ямагт хүчин зүтгэж байдаг Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 ажилтны хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Эдгээр өдөрлөгт оролцогчдыг сонгохдоо албан ёсны гэр бүлийн баталгаатай бөгөөд 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ханилан амьдарсан, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлсэн, үлгэр жишээ гэр бүлүүдийг шалгаруулан оролцуулдаг юм.
2. Мөн хосууд Гэрлэх ёслолын ордны Хайрын төгөл ногоон байгууламж дахь "Сүүн цагаан хурим” дуут хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх ёслолд оролцлоо.
Хосуудад баяр хүргэхээр Нийслэлийн онцгой байдлын газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа н.Баттулга болон хэлтсийн дарга нар нь хүрэлцэн ирж ерөөл билгийн үг айлдсан, Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа "Тэнгэр” амьд хөгжмийн хамтлаг ая дуу өргөсөн.